Ангилал: Шүлэг
Хүү минь"Хонгорхон хүү минь чи хаттай, бядтай эр болжээ
Хорвоогийн ачааг даах тэнхээтэй, тамиртай болжээ
Хатууг ялах сэтгэлийн хүчээ гал шиг бадрааж
Хэцүүг дийлэх ухааны хүлгээ морь шиг сойж
Эхлэл төгсгөлгүй амьдралын их тойрогт
Эхнээсээ зөв алхаж гараанаасаа хурдан гараа
Яг л тамирчин шиг
Өнгөнд биш үнэнд шүтэж ухаанаа цэгцэл
Өөдрөг сэтгэлээрээ жигүүрлэн өндөрт хөөр
Яг л шувууд шиг
Зовлон жаргалд ч сөхрөлгүй зоригоо чангал
Зоргоороо сэтгэж түрүүлж урагшаа алх
Яг л цаг хугацаа шиг
Хорвоогийн барааныг арилгах биш , гэсэн ч
Хүсэл бэлэглэх шувууд шиг жаргалтай амьдар
Хүний тавилан хатуу, шүрүүн ч гэсэн
Хүч дагуулах мөрөөдөл шиг гэгээн амьдар
Амьдралын өнгө барзгар, бараан ч гэсэн
Аз нь шовойх хонжвор шиг азтай , адтай амьдар
Орчлонгийн явдал гунигтай , гашуун ч гэсэн
Одот тэнгэр шиг гялалзаж гэрэлтэж амьдар
Олон амьдрах бишээ, нэг л амьдардаг юм хорвоод
Олон хэлэх биш ээ , нэг л хэлдэг юм оройтчих вий
Олон удаа бишээ, нэг л удаа заяадаг юм чамд
Олон удаа өнгөрөөх бишээ, нэг л удаа хувирдаг юм
Олон гэсэн ойлголт орчлонд ерөөсөө байдаггүй юм
Зөвхөн өнөөдрөөр сэтгэж өнөөдрөөр амьдарч, ухаар
Зөвхөн өнөөдөр бүтээж өнөөдөр хийж дуусга, үр минь
Өнөөдөр чиний амьдралын эхлэл учраас
Өөрөө чи яаж явах, яаж амьдрахаа сонго хүү минь
Өнөөдөр чиний аз жаргалын эхлэл учраас
Өөрөө чи хэнд юуг бэлэглэж , юуг бүтээхээ бод хүү минь
Өнөөдөр чиний амжилтын эхлэл учраас
Өөрөө чи яаж ажиллаж , яаж тэмцэхээ сонго хүү минь
Ээж нь чамд энэ ертөнцийн сайхан бүхнийг
Эхнээс нь дуустал бүгдийг нь үзүүлсэн, одоо болно
Өөрийн нүдээр, өөрийн биеээр ,өөрийн сэтгэлээр
Өнгөт орчлонг харж үзээд, бодоод нэг үзээрэй
Сайхныг чи бүтээж чадсан бол, юм бүхэн чамд
Сайхнаас сайхан , өнгөтэй , гэрэлтэй харагдана
Мууг дагаж , муухан амьдарч, гундаж явсан бол
Магадгүй чамд нулимстай, гунигтай , гундуу харагдана
Гэхдээ хүү минь чи миний ухаанаас минь тасарч
Газарт тэнцсэн болохоор итгэлийн жигүүртэй амьдарна даа
Гараас чинь хөтөлж сэтгэлийг чинь хөглөсөн болохоор
Гайхаж эргэлзэлгүй , андуурч эндүүрэлгүй зөв алхана даа
Хонгорхон хүү минь чи хаттай бядтай сайн эр болжээ
Хорвоогийн ачааг даах тэнхээтэй, тамиртай эр хүн болжээ
Бямбасүрэнгийн.Бүжинлхам " Хүү минь" 2013-09-01 Дархан-Уул