Ангилал: Шүлэг
Хайртай хайртай гэж хэлчихээд хайрласан сэтгэл нь хэд юм бол
Хайргүй хайргүй гэж хаячихаад харамссан гэмшил нь хэд юм бол
Дэнслээд дэнслээд үгүйлдэг ч дээдлээд очсон нь хэд юм бол
Дуулаад дуулаад дурссан ч сүсэглэж залбирсан нь хэд юм бол
Мөрөөдөөд мөрөөдөөд хүссэн ч мөнхөрсөн зүйл нь хэд юм бол
Мэгшээд мэгшээд уйлсан ч түшээд тусалсан нь хэд юм бол
Санаад санаад гансарсан ч санаагаар болсон нь хэд юм бол
Сайрхаад сайрхаад магтсан ч тоогоод мэндэлсэн нь хэд юм бол
Хөөгөөд хөөгөөд туусан ч хөдлөшгүй үлдсэн нь хэд юм бол
Гуйгаад гуйгаад мөргөсөн ч гүрийгээд гэдийсэн нь хэд юм бол
Аргадаад аргадаад уучилсан ч аашилж загнасан нь хэд юм бол
Алагчлаад алагчлаад хатуурхсан ч ахархан хорвоо нь хэд юм бол
Б.Бүжинлхам 2012 он