Ангилал: өгүүллэг
Б.Бүжинлхаам "Хайрын зурвас"
Шөнөжин уйлж улайсан, бөлцийж хавдсан нүдтэй хэдий ч нүүрэндээ инээмсэглэл тодруулсан, өндөр нуруутай хорин таван настай гэмээр нүдэнд дулаахан залуу хаалга онгойхыг хүлээсэн мэт догдлон зогсох нь хүлээж буй хүмүүст тийм онцгой сэтгэгдэл үл төрүүлнэ. Энгэртээ том хавтастай бичиг баримт бололтой зүйлийг тас атгачихсан “Цаг хугацаа ямар урт юм бэ?” гэсэн мэт цаг руугаа байн байн харна . Хүсэн хүлээсэн үүд нээгдэхэд өнөөх догдлон хүлээсэн хүний сэтгэлд айх ичих зэрэгцэн орох эс орохоо шиидэж ядаж байгаа бололтой хэсэг зуур зогссоноо “Орно оо “гэж хүмүүст дуулдахаар чангахан хэлчихлээ. Сэтгэлт бүсгүйнхээ гэрийн хаалгыг тогшиж чадахгүй зориг дутан эмээх мэт сэтгэгдэл төрж бяцхан сандарч, гар хөл чичрэн, хамаг биений хүйтэн хөлс дааварлана.
Миний аавыг Баатар гэдэг. Сэлэнгэ аймгийн хүн, өндөр нуруутай, өтгөн хар үстэй , барилгын инженер мэргэжилтэй дуу цөөнтэй , их сайхан хүн байлаа. Борцтой гурилтай шөлөнд дуртай ч би тэр хоолонд их дургүй, ердөө амсдаггүй. Аав дуугүй инээмсэглээд дахин надад зориулж хоол хийж өгдөг байв.Ээж минь намайг төрүүлээд 4 нас хүрэх үед биднийг орхиод өөр хүн дагаж гадагшаа явсныг хожим авга эгчээсээ үнэнийг сонссон боловч юу ч асуугаагүй . Аавын ярьснаар миний ээж Дундговь аймгийн хүн сувилагч мэргэжилтэй ,гоё дуулж бүжиглэдэг,царайлаг, сайхан хүн гэх бөгөөд өвчний улмаас нас барсан гэж хэлдэг билээ. Хүүхэд нь ээжийгээ үзэн ядах вий гэж болгоомжилж байсан учраас ээжийн тухай сайхан дурсамжийг ярьдгийг мэдээд аавыгаа их л өрөвдөж бас хайрлаж билээ.
Би ч аавыгаа мөн ч их зовоосон доо зовоосон. Дургүй хүрэх, бие өвдөх , уур хүрэх үедээ ч ээжийгээ санаад байна, ээжээ? гэж байнга дуудан енгинтэл уйлна. Зүүдэнд минь ээж ирээд надад ийм ,тийм юм ааваараа авахуулаарай гэж хэлсэн гээд худлаа ярьж өгнө. Энэ бүхэнд хэзээ ч уурлаж төвөгшөөлгүй миний төлөө л гэж намайг аргадаж аргаа барна. Аавыгаа давах гэсэн арга намайг шартай, өөрийн дураар ,хэнд ч бууж өгдөггүй зөрүүд зантай болгож байв. Сургуульд ороход аав холын хамаатны нэгэн эгчийг надтай хань бол гэж гуйсаар байгаад хотод авчирч манайд суулгалаа. Тэр эгч 8-р ангид сурдаг, бидэнд хичнээн тустай гээч хамт тоглон хичээл номыг давтуулан бид хоёртой хамт кино үздэг сэн.
Эгч минь төгсөөд харих жил аав их л баяртай чихэр жимс барьчихсан дуу аялсан ажлаасаа ирдэг боллоо. Удалгүй хүнтэй суух гэж байгааг ярианаас нь мэдлээ Миний сэтгэлийг хөөргөж -Хоёулаа нэг эгчтэй уулзая гэж ятган зөвшөөрүүлээд чихэр жимсийг авч өгөв. Чихэр жимсний амтанд хөөрч догдолсон би дээр дээр үсрэн дэвхцэж -хоёулаа тэр эгчтэй уулзая гэж гараас нь хөтлөн гүйв. Аавын царайд баясал тодорч явах замдаа дэлгүүрээр орж торго даавууг сонирхон үзэх зуураа -Миний хүү ямар өнгөнд дуртай вэ? гэж асуухад -Цэнхэр , цэнхэр гэхэд-Тийм үү? гээд хөх өнгийн хээгүй даавуу авч байсан нь санагддаг. Аав яагаад чихэр боов авалгүй даавуу авсныг би ердөө ойлгосонгүй .Машинаар явсаар гэр хороололын хаалга нь онгорхой хашааны хажууд буулаа. Машины дуугаар хашаанаас нохой хуцан ирснээ аавыг танин эрхлэж сүүлээ шарван урдуур хойгуур гүйхэд аав -Банхар, Банхар гэж хэзээ язааны таньдаг хүн шиг нохойн толгойг илж эрхлүүлж -Хүү минь чамайг хазахгүй сайн нохой гэв.
Цэмцийтэл хурааж янзалсан хоёр модон ор, хоймортоо том модон авдартай тавилга гэхэр онц юмгүй, айлын өнгө төрх нүдэнд туслаа. Анх удаа танихгүй айлд ирсэндээ гэрэвшсэн би аавын ард нуугдан зогсоход тогоотой цай самарч байсан дунд зэргийн нуруутай махлагдуу бор бүсгүй угтан -Хүүе, та хоёр минь хүрээд ирэв үү? гэж инээн намайг үнсэх гэхэд ухран бишүүрхэв. Би тэр айлд нэг их удсангүй , аавын өврөөс бууж холдохгүй, цай ч уулгахгүй зүгээр суулгасангүй, чимээгүй нудран чимхэж явья гэж гуйж байлаа. Нөгөө бор эгч аавтай энэ тэрийг ярилцан уур нүдүүр дуугарган борцтой хоол хийж эхэллэхэд миний дургүй хоолыг хийсэнд уур хүрч бухимдлаа аавдаа гаргаж эхэллээ.
Аав зовсондоо намайг дагуулан гарах гэтэл өнөөх эгч сандран -Хоол идээд явдаа одоо боллоо гэхэд би -Үгүй, үгүй гэж бахиран орилоход аав элдвээр ятган гуйснаар бүр омогшин гараас нь чирч гарах гэтэл өнөөх эгч тавагнаасаа чихэр атган надад өгөхөд би дуртай дургүйхэн аваад бушуухан гүйж гарч билээ. Түүнээс хойш өнөөх тарган бор эгч манайд хоёр гурван удаа ч ирэхдээ. надад тоглоом, жимс чихэр авчирч өгөн ярилцах гэхэд муухай харах, эсвэл юу ч дуугарахгүй суудаг байв. Аав минь эвтэйхэн ойлгуулахыг хичээх тусам зөрүүд зан улам хөдөлж гөжиж уцаарлан уйлна. Хааяа нэг аавтай уулзахаар ажил дээр ирэхэд тэр эгч хөх даавуун дээл өмсчихсөн аавтай минь инээж ярьж суухыг хараад -Би чамд ааваа өгөхгүй. Миний ааваас яв. Чи муухай бүдүүн. гэж хэлээд аавтайгаа ч уулзалгүй гүйж гарсан . Энэ явдал хэдэнтээ давтагдав.
Аав минь дахин тэр эгчийг надад дурсаагүй, эгч биднээс холдсон бололтой манайд ч ирсэнгүй. Тэр явдлыг хааяа санадаг ч хэн гэдэг, хаана амьдарч ажиладаг тухай асуусангүй орхилоо. . Би ч овоо том болж хоол ундаа хийхэд аав минь урамшин -Миний хүү ухаантай, сайн хүү гэж намайг урамшуулж магтах тусам аавыгаа сайн ажлаасай гэж хичээж суралцдаг боллоо. Аав минь сүүлийн жилүүдэд ажилдаа махран зүтгэсний хүчинд өөрийн гэсэн барилгын засал чимэглэлийн компани байгууллаа.
Нэг өдөр номын сан онгичин суухдаа Санжжавын “Сэтгэл судлал “гэсэн номыг санаандгүй уншиж эхлэснээр хүний, сэтгэл ,мэдрэмж, зан ааш гээд олон сонин зүйлийг амтархан уншиж судлах гэсэн сонирхол төрж ирээдүйд сэтгэл судлаач болно гэсэн том зорилго тавьлаа. Ангидаа сайн сурдаг, найз нөхөд олонтой, хүнтэй хурдан нөхөрлөх бөгөөд зарим хүүхдэд зөвлөгөөг өгдөг учраас манай ангийнхан “сэтгэл судлаач” гэж онгироодог байв. Удалгүй хүссэн ангидаа орсон цагаасаа хичээлдээ улам шамдан суралцаж тэргүүний оюутан ч болоход аав минь их л баяртай,. Гэвч аав минь ганцаараа, хүнтэй ч суусангүй - ааваа та хүнтэй суугаач гэхэд юу ч дуугаралгүй ердөө л инээмсэглэсэн хариуг өгнө.
Он жилүүд харвасан сум шиг өнгөрөн сургуулиа төгслөө. Сэтгэл судлаач болж мөрөөдлөө биелүүлсэндээ миний сэтгэл өднөөс хөнгөн болж бяцхан биенд минь омогшил аархлын үр соёолж эхэлснийг аав анзаарсан ч би мэдэхгүй л байлаа . Цээжилсэн хэдэн сэдэв , хүнээс дутахгүй амьдрал , олон найз нөхдийн хий хоосон магтаал сайшаал, нь ухааны нүдийг таглаж юуг ч анзаарахгүй тэнэг болгожээ.
Нэр хүндтэй ,үйлчилэгч олонтой сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг газрыг судлан ажилд орох хүсэлтээ явуулсанд нөгөө газраас ярилцлаганд орно уу? гэсэн урилга авсандаа сэтгэл бүүр хөөрлийн байдалд орон хамаг байдгаараа гоён толины өмнө зогсоод аавдаа- Би заавал тэнд орчихоод хамгийн түрүүнд баяртай мэдээг дуулгана гэж хэлээд гарлаа. Өгсөн хаягаар заалгаж очвол даруухан хоёр давхар байшингийн буланд байрлахыг хараад дотроо их л голонгуй алхаж захирлын өрөөний хаалгыг чангахан тогшоод ороход нэлээд бууралтсан үстэй тавь гаруй насны эрэгтэй хүн ном уншиж сууснаа угтан мэндлээд өмнөх сандалдаа суухыг урьлаа.
Өрөөний доторх хальт хараад –Өө энэ чинь хүмүүсээс их мөнгө авдаг байж байгаа байдлыг гэж дотроо шүүмжлээд амжив. Өнөөх хүн нэр алдар гэх мэт ганц хоёр зүйл тодруулж димломыг нь дэлгэн дүнгийн жагсаалтыг хараад нэг ч үг дуугарсангүй. Харин -Чи хэдэн найзтай вэ? Гэхэд-Би олон найз нөхөдтэй хүнтэй хурдан танилцаж нөхөрлөдөг , ангидаа хамгийн хөдөлгөөнтэй гээд үргэлжлүүлэн ярих гэтэл-Уучлаарай чиний ойр дотны хүн нас барж байсан уу? Гэхэд –Үгүй, үгүй гэж шууд хариуллаа.Чи хамгийн дотно найз охиноо нэрлэж хамгийн сайхан хамгийн хэцүү дурсамжийг нь ярь даа гэж хэлэхэд би энэ удаа балмагдлаа. Олон найз охидтой үерхэж найзалж байсан ч тийм удаан үерхэж байсангүй нэг мэдэхэд салаад удахгүй дараагийн охинтой үерхэж байснаа л санав.гэвч энэ бүхнээ мэдэгдэлгүй сэтгэлд таарах хүн олдоогүй байна гэж их бардам аясаар хэллээ. Чи хүний зан төлөвийн талаар ярина уу? гэхэд –Одоо л миний мэддэг зүйл гэсэн шиг ёстой амыг нь ангайтал ярихад нэг ч таслалгүй дуулгавартай сонсож дуусаад жижигхэн шар цаасан дээр юм бичээд надад харуулалгүй дипломын завсар хавчуулаад –Уучлаарай та тэнцсэнгүй, дараа ирээрэй гэж түс тас хэллээ.
Ийм хариулт сонсоно чинээ бодоогүй би багтартлаа уурлаж орилж хашхирмаар байвч биеэ барин өрөөнөөс гарахдаа хаалгыг нь саван чулуудаад гүйн гарлаа. Ард минь шилний хагарч унах чимээ гарсан ч эргэж харсангүй, буцаж орохыг ч хүссэнгүй . Бушуухан дэлгэн үзтэл “ Бие сэтгэлийн зовлонг эдлэж амсаагүй хүн, хүний сэтгэлийг ухаарч хуваалцаж чадахгүй . Та үүнийг мэдэрсэн цагтаа манайд ирээрэй. Би таныг ажилд шууд авна. Таныг хүндэтгэсэн Х.Батсүх гэж бичсэнийг хараад ухаан балартаж уушиг зүрх амаараа гартал уурлан бухимдаж –Үхсэн хойноо хүний зовлон жаргал хэнд хамаатай юм бэ ? намайг голдог хэн юм бэ? гэж үглэн аавдаа ч очилгүй жаахан хүүхэд шиг голдоо ортол гомдон шаралхан уйллаа.
Эцэг минь ийм явдал болсныг мэдээд намайг элдвээр аргадан гуйсан боловч би орноосоо ч босолгүй, хүнтэй ч дуугаралгүй гурав хоног хэвтсэн ч уур гарсангүй . Аав минь дахин сэтгэлээрээ дэмжих гэж ирэхэд өөдөөс нь -Би энэ мэргэжлээр ажиллахгүй, хүн гуйж царай алдаж явснаас өөр мэргэжил сонгон их мөнгөний ажил хийнэ. Тэр муу өвгөн шиг амьдарч чадахгүй гээд өнөөх гайхуулж байсан дипломоо шидчихлээ. Энэ байдлыг харсан аав анх удаа нүд нь аймшигтай гялалзаж орноос чирч босгон үсэртэл алгадахад би гуйван дайвалзаж тэрийн уналаа. Хацар минь бадайран чинэрэн өвдсөн ч хөмхийгээ зуун ёо ч гэлгүй юу ч дуугарсангүй,.Аав урьд нь ингэж хэзээ ч уурладаггүй бөгөөд энэ удаа аргадсан ч үгүй, юу ч дуугарсангүй гараад явлаа.
Ямар ч хүний гуйлт ятгалгыг үл тоон эдийн засагч болж америкт очиж суралцахаар шийдэн юмаа бэлтгэж эхэллэхэд авга эгч, авга ах хоёр ирэн өөр газар очиж ажиллахыг, хүсэл мөрөөдлөө орхихгүй байхыг зөвлөсөн ч зөрсөөр л байлаа.
Хаврын тэнгэр шиг баргар царайлсан хэдий ч аав надад дийлдэн онгоцны буудлаас үдэхэд -аав минь та ханьтай болооч, ганцаарай үлдлээ шүү дээ , сайн сууж байгаарай гэж үнсүүлэхэд -Хүү минь аавдаа битгий санаа зов, сайн яваад очоорой гэж хэлээд үдэв.
Эхний жил хэлний бэлтгэлд сууж америк айлд амьдарч байхдаа ганцаараа үлдсэн аавдаа байнга санаа зовон интернетээр харилцаж амар мэндээ асуухад харин аав эрч хүчтэй сайхан үгтэй, сэтгэл сэргээж баясгасан, захиа байнга бичдэгсэн.-Утас интернет байхад юунд ингэж захиа бичдэг юм бэ?гэж асуухад –Хүү минь захиа бичихэд юун цаг гардаг юм бэ?, тэртээ тэргүй ганцаараа байгаа хүн уйдаад байна гэснээр энэ яриа өндөрлөлөө. Гэсэн ч аавынхаа захиануудыг цуглуулж нандигнан хадгалдаг байв. Хэлний бэлтгэлээ төгсөөд дараа хавар нь элсэх сургуулиа сонгон шалгалтандаа бэлтгэж байтал гэнэт авга эгч минь -Аав чинь муу байна. Дүү минь хурдан ир гэсэн мэдээг сонсоод санд мэнд иртэл урьдаас авга эгч угтан -Дүү минь сэтгэлээ ...гээд мэгшин уйлахад би юу болж байгааг анзааралгүй мууран унаснаа санаж байна.
Буян номыг үйлдэж 49 хоногийг нь хураатал авга ах ,эгч минь надтай хамт байж сэтгэлийн дэм өгдөг байсан ч аавын орон зай эзгүйрч сэтгэл минь төөрч будилсан хүүхэд шиг бачимдаж байв. Нэг өдөр авга эгч хоёр минь орж ирээд надад нэгэн дугтуйтай захидлыг өгөнгөө -Дүү минь биднийг уучил, бид ямар ч буруугүй шүү .Чиний аав бол бидий ах, түүний үгийг бид хэзээ ч зөрчиж чадаагүй гэж хэлэхэд би юу гэж хэлэх гээд чадахгүй байгааг мэдэхгүй захиаг задалтал миний амьдарч буй орон байр ,аавын машин, бүтээж үүсгэсэн компани , хувьцаа бүгд өөр хүний нэрэн дээр шилжсэн нь эцгийн гэрээслэл байв. Юу ч дуугарч чадалгүй балмагдан зогсоход –Дүү минь энэ байрнаас ирэх долоо хоногоос нүү, бид чамд мөнгөө нийлүүлж нэг өрөө байр авсан байгаа. Чамд тусалж чадах зүйл ердөө энэ, эхний хэдэн сар хэрэглэх мөнгө өгнө , чамайг хэзээ ч орхихгүй гэж хэлээд гарцгаалаа.
Дотор харанхуйлж хэлэх үг олдохгүй дэмий л дуугүй байснаа -Яагаад ,яагаад та ингэж байгаа юм бэ? Намайг орхиж явчихаад яаж амьдар гэж байгаа юм гэж чангаар орилон цурхиран уйллаа. Арай ч худлаа байлгүй дээ би зүүдэлж байгаа байхдаа гэж бодон компаний байранд иртэл үнэхээр аавын суудаг өрөөнд орлогч захирал байсан Сэрээнэн ах сууж байгааг харлаа. Шууд давхин орж -Сэрээнэн ахаа та намайг санаж байгаа биз дээ. би хүү нь байна Сэргэлэн байна шүү дээ гэхэд Сэрээнэн ах босч ирэн дүү минь сэтгэлээ барь гэхэд улам уурлан ухасхийн заамдан “Муусайн хулгайчууд та нар хүний юм авч ханадаггүй юм уу ? муу луйварчин гэж нүүр нүд рүү цохисноо саналаа, Дараа өдөр нь авга эгч намайг цагдаагийн газраас мөнгө төлөн гэрт минь авчраад -Дүү минь байгаа байдалтайгаа эвлэрч үз, шүүх цагдаагийн байгууллагаар ах бид хоёр чинь зөндөө гүйсэн, юу ч олдохгүй , бүгд хуулийн дагуу ахын хүсэлтээр шийдэгдсэн учраас яагаад ч нэмэргүй гэдгийг тайлбарлаж , тайвширч байгаад ажил олж хий гэж зөвлөөд гарлаа.
Аавыгаа хичнээн хайрлаж өрөвдөж байсан сэтгэл минь заримдаа үзэн ядалт болж хайрлаж байсан захиануудаа бүгдийг нь урж шатаагаад хаясан ч сэтгэл минь амарсангүй зөв бурууг ухаарах доголон гэмшил намайг зовоосоор.. Бидний амьдралын талаарх буруу зөрүү мэдээлэл сонин хэвлэлээр гаарч, найз нөхөд минь айж цочсон шувууд дэрхийгээд нисэх шиг орхин одлоо. Гунигтай уйтгартай , харанхуй орон зайд гацсан мэт цаг өнгөрч өгөхүй элдвийг бодон хэвтсээр эцэстээ нойр минь хүрэхээ ч больлоо. Сэтгэл зүйн дарамтанд орсноо мэдэрч миний нөгөө бахархаад байдаг мэргэжлийн ид шидээ өөр дээрээ туршин үзэж амьдрахыг хорвоо надаар дамшиглаж сануулаад өгөв. Удаан бодсоны дараа мэргэжлийн ажлаа хийх шийдвэр гаргаад дипломоо хайтал хайгаад олсонгүй. мухардалд орсноор ажилд орох шийдвэрээсээ буцлаа. .төгссөн сургууль дээрээ очин сурч байсан төгссөн тухайгаа хэлээд дипломоо дахин олж авах талаар ярилцахад ямарч байсан итгэл найдвар минь багахан асажбайсан ч хугацаа хэрэгтэй хэдгийг хэлэв. Дараа нь англи хэлний орчуулга хийе гэж шийдээд нэгэн товчоонд дагалдах ажилтнаар орлоо. Эхний 3 сар цалин маш бага гэдгийг сэтгэлээр дуулаад жаал гонсойсон боловч ажиллахаар шийдлээ. Цаг мөч хөвөрч өнгөрөхийн хэрээр би амьдралтайгаа дасан зохицож аавыгаа ч өршөөж уучлахаар шийдэв.
Аавын хайр халамж,аавтайгаа өнгөрүүлсэн жаргалтай мөч бүхэн минь санаанаас гаралгүй зовоож байсан учраас аав минь өөрийн амьдралаа өөрийн гараар шинээр эхэл гэж ийм шийдвэр гаргасан байх гэж бодон ямар ч байсан аав шигээ барилгын инженер болж үйл хэргийг нь үргэлжлүүлнэ гэж сургуульд элсэн орохоор шйидээд авга ах эгчтэй хэлтэл тэд ихэд баярлан -тийм байх, миний ах гоомой хөндий зүйл хийх хүн биш , бид чамайг сургуульд сурвал яаж ийгээд төлбөр мөнгийг өгч сургана гэсэн урамтай үгийг сонсоод улам ч баярлав. Ямар ч байсан би хоёр жил гүрийж мөнгө цуглуулья гэж хэлээд гарлаа. Ах эгчтэйгээ уулзаад гэртээ иртэл хажуу хөрш ах орж ирээд -чамд нэг хүн мөнгө өгүүлсэн гэж хэлээд сарвайхад -ямар хүн вэ?- мэдэхгүй нэг эмэгтэй хүн байлаа. би нэрийг нь асуутал нэрээ хэлээгүй ээжийн чинь хамаатнаас гэж хэлээрэй гэхээс өөр юм дугараагүй гэж хэлээд гарлаа.
Дугтуйг нээж үзвэл яг нэг зуун мянган төгрөг л байлаа. Айх гайхах зэрэгцэн урьд өмнө сонсож байгаагүй ээжийнхээ тухай дуулаад мөнгөө барьсан чигээрээ авга ахынд гүйн ирж учрыг хэлтэл би сайн мэдэхгүй байна , ээж чинь миний мэдэхийн хотод хамаатан байхгүй л гэдэг байсан. хэн мэд лээ. энэ олон жил өнгөрөхөд нэг ч ирж уулзаагүй хэрнээ яагаад гэнэт гараад ирэв , мэдэхгүй юм даа ээж чинь гадаадын иргэн болсон гэж сүүлд ааваас чинь сонссон , гэхдээ яахав өгөөд байвал аваад л бай чамд хэрэгтэй шүү гэв.
Би ээжийнхээ тухай бодъё гэсэн ч санаанд юу ч буудаггүй хий дэмий нойроо хулжаав. Учир битүүлэг мөнгө хэд хэдэн удаа надад ирсэн ч ажилдаа явсан хойгуур өгөөд явсан байдаг нь гайхалтай . Нэгэн өдөр орчуулга хийх ажил овоорч , орой хүртэл суусан ч амжихгүй учраас эрхлэгчтэй хэлээд материалаа аваад харьлаа. Маргааш өгөх учраас хурдхан хоол хийж идээд шөнөжингөө суусаар дөрвөн цагт дуусгаж унтаад өглөөний найман цагт сэрлээ. Санд мэнд хам хум цайгаа уугаад ажилдаа ирж ажиллаж байтал орчуулга өгсөн хүмүүс материалаа авахаар ирснийг дуулааад гэртээ орхиод ирснээ саналаа. Би удахгүй аваад ирье, түр хүлээж бай гээд яаран гүйлээ. Гүйсээр орцны хаалгаар шатны гишгүүр алгасан харайлгаж явахдаа махлаг дуу биетэй тавь орчим насны авгайтай харц тулгараад өнгөрлөө. Хэзээ хаана харснаа санахгүй хэрнээ, яагаад ч юм их таньдаг, мэддэг юм шиг сэтгэгдэл төрж жаахан эргэлзсэнээ удалгүй гэрийн үүдэнд очин хаалгаа онгорхой орхиод нөгөө орчуулгаа авахаар комьпютерээ асаав , Хаалга дуугарах чимээг сонссон бололтой хажуу айлын ах манайд орж ирээд -өө чи хүрээд ирсэн үү дөнгөж сая нөгөө эгч чинь ирээд мөнгө өгөөд явлаа чамтай таараагүй юу гэж хэлэхэд –Ямар хүн бэ ямар хувцастай болохыг, нөгөө хүн гэдгийг мэдээд ухасхийн -та үүнийг манай товчоон дээр аваачаад өгөөч. Намайг чөлөөтэй гээд хэлчих та өөрөө аргалаад хэл , энэ манай түлхүүр гэж хэлээд үгийг нь ч сонсолгүй гүйн гарлаа. Сэтгэлд минь наран мандаж саяхан зөрсөн хүн нэг их холдоогүй гээд хартал хажуу байшингийн даагуур ороод далд орлоо.
Битүүхэн горьдлого тээн ээжтэйгээ уулзана гэсэн бодолд эзэмдүүлэн гүйж очоод тэврээд авмаар санагдсан ч биеэ барин сэмхэн дагасаар. Өнөөх авгай явсаар таван давхар байшингийн нэгэн орцоор ороход би алхаагаа хурдасган хойноос нь даган оров. Явсаар гурван давхрын захын хаалганы хажууд зогсон цүнхээ ухах зуур хажуугаар нь зөрөн дээд давхарт гаран сэм чагнав. Хаалганы түгжээ торхийн хаалга онгойж хаагдахад би гүйн ирж амьсгаагаа даран зогслоо. Зүрх минь хүчтэй цохилон хамаг бие минь салганан чичирсээр хаалгыг аяархан тогшсон ч онгойлгосонгүй удлаа. Хэсэг зогсоод яагаад хаалгаа онгойлохгүй байгаа юм бэ гэж бодоод арай чанга тогших гэтэл хаалга дутуу хаагдсаныг хараад зориглон орлоо.
Нэг өрөө байр бололтой гутлаа тайлаад шууд том өрөөнд ороход хойморт тавьсан авдрын өмнө нөгөө авгай цаашаа хараад зогсож байхыг хараад дуугарах гэсэн чинь дуу гардаггүй бүлх залгисан мэт болов.. Хүн орж ирснийг мэдээгүй болохоор нөгөө авгай авдран дээрх зурагны өмнө зул өргөн , хүрд эргүүлж маань уншиж хэсэг залбирснаа арц уугиулан эргэх хооронд бид хоёрын харц тулгарч бие биенээсээ хирдхийтэл цочив. Хүүхэд байхдаа хөөж гомдоосон нөгөө эгч байхыг хараад би лагхийтэл шалан дээр суулаа. Нэг ч үг дуугаралгүй бие биеэ харан чимээгүй уйлсаар, хэн хэндээ гомдсон гомдлыг тайлах мэт нулимс минь аадар бороо шиг цутган урссан ч дотроо яг хүүхэд шиг цурхиран орилж уйлж байлаа..
Эцгийн зурагны өмнөх зулын гэрэл улам бадран бадамлан гэрэлтсээр жаргахад . нулимс дууссан бололтой зөвхөн санаа алдах, уртаар амьсгал авах төдий л сонсогдоно. Анх удаа би хүний ганцаардал, шаналал , яагаад надад мөнгө өгч байсныг , тэр мөнгө хэнийх байсныг ,асуултгүйгээр харцнаас нь хараад ойлголоо. Гэнэт миний өмнө явган сандал дээр хоол цай хийж өмнө минь тавьсныг анзаарвал өчнөөн жилийн өмнө хийлгээд амсаж чадаагүй орхисон борцтой шөл байхад сэтгэл минь бүр харанхуйлж нулимс минь урсан аяганд дуслахад -Ээ чааваас . энэ хоолыг заавал нулимстайгаа зуурч идэх байсан юм уу?,аавыхаа гараас биш энэ хүний гараас гэж бодохоос дотор урагдан урагдан сэмэрч байв.
Нөгөө эгч нямбайлан боосон зүйлийг задалахад хайгаад байсан өнөөх дипломыг минь гарган ирээд надад өгөхөд хэн ,хэзээ, яах гэж өгснийг асуулгүйгээр би түүнийг аван гарах гэтэл –Байз, хүү минь хүлээ гэж анх удаа зөөлхөн дуугарав. Хоймрын авдрыг уудлан ваадантай нандигнан боосон зүйлийг гарган задлахад цагаан эмжээрээр эмжсэн хөх өнгөтэй эмэгтэй хүний дээл харагдав. Үнэхээр тийм байлаа. Дээлийг эвхээстэй чигээр нь хажуу талд нь тавиад цаана байгаа нямбайлж эвхсэн хөх даавууг аван өгөх зуураа -Тэр жил аав чинь энэ даавуугаар дээл хийж өмсөөрэй гэж надад өгсөн. Би өөртөө дээл хийлгэж өмссөн боловч даавуу илүү гарсан, Үлдсэн энэ дээлийн өнгө лав хоёр хүнд элбэг хүрнэ. Аавын чинь дурсамж, хайр шингэсэн болохоор чи авдаа. Залуу хүн удахгүй хүнтэй гэрлэх байх ижилхэн дээл хийлгээд өмсөөрэй гэж хэлэхэд тэр үг тархин дундуур аянга шиг татаад авлаа. -Ээ чааваас, ааваа, та намайг тэгэж аашлах үед үсэртэл минь алгадахгүй яав даа гэж бодон бодон гэртээ ирлээ.
Өдий болтол үрийн зулай үнэрлээгүй, ганц биеэрээ амьдарч байгаа тэр эмэгтэйн тухай бодох тусам өрөвдөх сэтгэл минь улам ихсэнэ. Хэзээ, хаана итгэл найдварын нандин холбоог тасалснаа ,юуг илүүдүүлж, юуг дутааснаа, хаана цэг , хаана таслал тавьснаа ухаарах тусам хуралдаж байсан бараан үүл замхарч сэтгэлийн тэнгэрт наран мандсан мэт хөнгөрч бодолдоо түр умбалаа.
Зах хязгааргүй үргэлжлэх ногооны талбай дунд аав бид хоёр газар хагалж тэгшилнэ. Арвин их ургац авах үрийг хөрсөнд булж усаар ундаалж манахад. нялх ногоо соёолж талбай нэлдээ номин ногоон өнгөтэй болсонд бид баярлаж тэврэлдэнэ. Юуг ч үл ажиран өсч өндийнэ . Гэтэл хичээн ажиллаж , хайрлаж байсан талбайд минь хүчит зэрлэг ургамал ургаж өдөр хоног биш хором минутаар томроно.Үл таних зэрлэгийг би таслах гэсэн боловч надад дийлдэхгүй улам ч томрон хурц өргөсөөр хатгав. Өвдөж хорссондоо чангаар уйлахад аав гүйн ирж үр тоосоо хүртэхээс нь өмнө гайтай тэр зэрлэгийг үндсээр нь суга татахад би баярлаж дээр дээр үсрэн тоглоно. Онгойж харласан газрын шарх эдгэж нялх ногоо соёолно.
Ухаарах эс ухаарахүйн утгыг бэлгэдсэн мэт сэтгэлд тайлбарлахын аргагүй мэдрэмж төрөхөд гэрээсээ гүйн гарсан байлаа. Аахилж амьсгаадсаар хаалгыг удтал тогшиход нэгэн настай өвгөн дургүйхэн гарч ирэв. –Ах аа та энэ захиаг хажуу айлын эгчид маргааш өглөө заавал өгчихөөч гэж гуйхад нөгөө өвгөн гайхан –Энэ Нанжидмаад уу ? юун захиа юм бэ?гэж хэлэхэд
-Хүү нь маргааш гадаадаас ирж байгаа гэнэ ээ.
-Юун хүү . Хүү битгий хэл хүнтэй ч суугаагаагүй шүү дээ гэж гайхан азнаснаа
-Хм. Хэн мэдлээ. Хөөрхий ганцаараа болохоор хүн амьтнаас ичээд тэр болгон ярьдаггүй л байсан байх даа хөөрхий дээ.гэхэд
- Тийм ээ, Хүү нь маргааш өглөө гадаадаас ээж дээрээ ирж байгаа гэнэ ээ. Гэж хэлээд хариуг нь ч сонсолгүй буцаад гүйлээ.
Бямбасүрэнгийн Бүжинлхам 2013 он Дархан Уул аймаг