Ангилал: Шүлэг
Намар ирчихлээ...
Намар , бодолд минь ухаан нэмчихээд бороотой үдшийн тэнгэрт
оддыг хэлхэж мөрөөдөл шиг бэлчинэ
Намар , хайранд минь жаргал нэмчихээд найр хөвөрсөн хойморт
аялгуу нэмж дуу шиг хөвөрнө
Намар ,хүсэлд минь итгэл бэлэглэчихээд шувууд чуулсан нууранд
ганганаа нэмж бодол шиг гэгэлзэнэ
Намар ,амьдралд минь амгаланг бэлдчихээд эрхэлж налайсан наранд
хөхүүрээ чимж айраг шиг шаагина
Намар явчихлаа...
Намар та зүрхэнд минь нуугдсан гунигийг минь сэмхэн аргадчихаад шувуудаа дагуулаад буцчихсан гэж үү
Намар та зүүдэнд минь эрхэлсэн инээдийг нууцхан үнсчихээд
навчсаа гөвөөд одчихсон гэж үү
Намар та сэтгэлд минь гэгэлзсэн аялгууг асуулгүй сонсчихоод
сэвэлзэх салхиар хөглөчихсөн гэж үү
Намар та санаанд минь хөглөрсөн бодлыг санамсаргүй уншчихаад
сарны гэгээн туяанд мэлмэрсэн гэж үү
Б.Бүжинлхам 2013 он