Ангилал: өгүүллэг
Та бүхэндээ " Эргэлт" гэсэн шинэ өгүүллэгээ толилуулья . Хүний сайхан сэтгэлийн тухай бичсэн өгүүллэгийг амтархан уншаарай. Амжилт хүсье
Эргэлт
Утас дуугарч “Бүжинхэн минь хурдан манайд хүрээд ир. Надтай хамт ажилладаг Хишигмаа мастерын бие нь өвдөөд эмнэлэгт хэвтсэн юм аа. Би захаас байгаа мөнгөөрөө мах аваад явж байна .Чи хэдэн төгрөг аваад хүрч ирээд надтай хамт эргэлтийн хүнд зориулсан бууз хийлцээд өгөөч ” гэсэн эгчийнхээ гуйлтыг сонсоод хийж байгаа ажлаа хойшлуулаад арван мянган төгрөг аваад очлоо.
. Эгч маань тарган хонины гуяыг хэрчин хонины сүүл хөшиглөөд сонгино гоньдоор амтлан мах шөл нь тэнцүүхэн сайхан том том бууз хийх зуураа шар тостой багсарсан арвайн гурилаар амталсан нутгийнхаа цайг ч чанаж амжлаа . Хоол цай бэлэн болонгуут надад амсуулан амт чанарыг шалгуулаад хоолны халуун савыг дүүртэл бууз хийгээд халуун савтай цайгаа бариад гарах гэснээ –Чи нөгөө мөнгөө, хэдэн төгрөг авчирсан бэ? Гэхэд –Би “ арван мянга” гээд өөдөөс нь сарвайв.. –За байз юу аваачаад өгдөг юм бэ? гэж надаас асуухад -Жаахан чихэр, боов байвал болно шүү дээ гэж хариулав.-За ,би явлаа. Чи цай хоол идээд манайд байж бай гэж захиад цай хоолноосоо амссан болоод” Хурдан явахгүй бол хөрлөө” гээд яарч сандран гарлаа.
Эгчийн минь хийсэн цай, хоол сайхан амттай бөгөөд хамаг биений хөлс асгарч алжааж ядарсан биенд тамир тэнхээ орох шиг “үнэхээр нутгийн цай ,гарын хоол мөн дөө” гэж аман дотроо магтаад гал тогооны өрөөг нь цэвэрлэж суутал хэн нэгэн хаалга тогших шиг боллоо.” -Ямар хүн байдаг байна даа. Арай эгч биш биз .Ийм хурдан ирэх болоогүй юмсан . Таньдаг мэддэг хүн юм чинь жаахан ярьж суух байх даа” гэж бодон хаалгыг нээтэл эгч минь доголон нулимстай их л хачин царайлчихсан ороод ирлээ.
. –Хүүе, та чинь ийм хурдан эмнэлэг ороод ирж байгаа юмуу? . нөгөө хүн чинь байхгүй байна уу? Гэж яаран сандран асуутал эгч хувцсаа ч тайлалгүй сандал дээр суугаад –Эмнэлэг орсоон, нөгөө хүндээ хоол цайг нь өгчихөөд ирлээ гэж хэлээд чимээгүй уйлчихлаа.-Тэгээд , бие нь муудаад болохоо больчихсон юм уу?, яагаад та уйлаад байгаа юм бэ? гэж намайг асуухад –Үгүй, үгүй, зүгээр л байна лээ гээд уртаа гэгч санаа алдчихаад дуугаа хураачихав
. Би ч бушуухан халуун цай аягалан өгөх зуураа -Тайвшир даа, тэгээд яриач дээ гэж гуйхад –Би эмнэлэг дээр очоод нөгөө хүнээ дуудуултал удалгүй өрөөнөөсөө гараад ирлээ. Нүүр царай нь сэргэлэн цовоо, сайхан харагдаж байхыг нь хараад угтан амар мэндийг нь асуув. Энэ тэрийг ярих зуураа хоол цайгаа өгөөд -Хурдан орж ид, халуун дээр нь гэж хэлэхэд Хишигмаа эргэлтийг минь бариад өөрийнхөө тасагт оролгүй, шууд эрэгтэйчүүдийн тасагт оруулан хэн нэгэнд хандан ” Бушуухан үүнийг суллаад өгөөдөх.Би энэ хоолыг идэхгүй “ гэж надад дуулдахаар чангахан хэлчихлээ. Цааш нь сонсвол - Ядахдаа амсаач дээ. Сайхан бууз байна шүү дээ гэж хэн нэгэн хэлтэл – Үгүй, Үгүй, Би амсмааргүй байна . Ямар л олигтой юм байв гэж хэнэггүйхэн хэлэх нь дуулдав .
Энэ үгийг сонсоод хоолой минь зангирч, бул хар чулуугаар цээжээ даруулах шиг давчдан хөндүүрлэж ямар нэгэн зүйлд хахсан мэт наашаа ч үгүй, цаашаа ч үгүй тээглэн горойн дэмий л хэн нэгнээс аврал эрсэн мэт бүлтэлзэн хэсэг зогсов. Түүнийг султгасан савыг минь авчран буцааж өгөхөд –Хишигмаа чи ямар сонин хүн бэ ?, яагаад өөрөө идэлгүй өөр танихгүй хүмүүст өгч байгаа юм бэ? Би чамд зориулан хийгээд ирж байхад, чи арай ч дээ гэж арай ядан үгээ зөөн хэлэхэд аль хэдийн хэлсэн үгийг нь сонсчихсон гэдгийг мэдсэн тэрээр “Уучлаарай” ч гэж хэлэлгүй хар цагаан дуугүй царайлаад буцаад тасагтаа орчихлоо . Би бүүр гомдоод, арай л гэж ирлээ гэж хэлчихээд тайвширсан бололтой өмнө нь аягалж тавьсан цайгаа уув.
Миний ясны дургүй, сагсайж оволздог уур минь яах ийхийн зуургүй хүрч –Даанч дээ, өөрөө идэхгүй байсан бол ядахдаа явсных нь дараа хүнд оруулж өгдөг болоосой, худлаа ч гэсэн” Уучлаарай” гэж хэлчихгүй яав даа. Тэгээд бас сонсчихно гэж бодоод аяархан хэлчихгүй . Арай ч дээ гэж эгчийнхээ сэтгэлийг өмөөрч сууснаа чангахан дуугаар- Эгч минь та юунд уйлсан юм бэ? тэр Хишигмаагийн чинь зан аашийг хүн бүр мэддэх байх. Ялгаварлан харьцдаг, дээрэлхүү бардам гэдэг нь эндээс харагдаж байна шүү дээ. Та ч мөнхийн рашаан аваачаад өгөхөд гаднах савыг нь хараад дотор нь ямар ид шидтэй юу байгааг ч үзэж мэдэхгүй асгах хүн юм байна даа, тэр чинь . Хүнлэг сайхан сэтгэлийн илч гэрэлтэй , буянтан ачтаны хийж бүтээснийг идэж хүртэх хувьгүй л юм биз дээ. Амны хишиг нь ардаа гарсан хүн л ийм зан гаргадаг биз .
Таны хийсэн хоол цайг идэж уусан нөгөө хүмүүс харин ч азтай . Гараа гаргаж хийсэн бүхэн чинь тэдгээр хүмүүст ариун, шим тэжээлтэй хоол , өвчин зовлонг нь илааршуулах рашаан, унд болсон байх аа. Тийм сайхан амттай хоол цайг идчихээд таныг лав муулаагүй харин ч магтсан байх даа гэж хэлтэл эгч минь энэ үгэнд илт сэргэж –Нээрэн , тийм байх даа гэж хэлээд муухан инээмсэглээд –Алив, эгч дээ буузнаасаа өгөөч. Бүүр уймарч сандарсаар байгаад өлсөж байснаа мартчихлаа гэж хэлээд гэнэт санасан бололтой гадуур хувцсаа тайлахаар босохдоо. – За, яахав дээ, яахав. Ерөөл буянаараа болог. Ахдаа битгий хэлээрэй, дуугүй л байгаарай . Чи ч ам султай шүү ? гэж надад аминчлан захьлаа.
. Гутрал гомдлоо сэтгэлдээ агуулж хадгалалгүй хоромхон зуур өршөөж байгаа өрөвч зөөлхөн мөртлөө цайлган , хээгүй бас хамаагүй ч юм шиг эгчийгээ би сэтгэлээсээ өрөвдлөө. Хүн өөрөө ямар эмзэгхэн, үг нь ямар хурц гэдгийг улам ч мэдрэх шиг. Нүдэнд харагдаж үзэгдэхгүй мөртлөө тэрхэн агшинд бүхнээс хурдан хүний амин нандин ,эрхэм газрыг онож шархлуулж үхүүлж чаддаг тэр мэсэн үгнээс айх шиг боллоо.
.Хүнлэг гэгээн итгэлийн гал руу хичнээн хүн санаатай , санамсаргүй байдлаар ус цацсан бол? хүний зүрх сэтгэлийг гомдоочихоод ямар ч ажиггүй яваад байдаг тэр хүмүүсийн элэг зүрхэнд нь юу нуугдаж, юу байдаг бол?. Ажил үйлс нь сайн уу? эсвэл муу юу?, цаашилбал үр хүүхэд нь хэнийг дагаж дуурайх бол? гэсэн гэнэн бодолдоо хөтлөгдсөөр тэднийг тэдний өмнөөс шүүж тунгаахыг эрмэлзсээр явлаа.
Б.Бүжинлхам 2013 он



