Ангилал: Шүлэг
"Ээжийн дээл"Элбэг хангалуун сэтгэлийн энгэрт сүү дусах шиг
Ээжийн дээл надад дулаахан , нөмөртэй санагдах юм
Элбэрэл ачлалын тэнгэрт наран дахиад мандах шиг
Ээжийн дээлэнд итгэл хоргодоод дотно санагдах юм
Хүсэл , мөрөөдлөө захандаа шигтгэсэн мэт өмнөөс угтаж мэндлэнэ
Хүндлэл, халамжаа ханцуйндаа хурайлж намайг үнсэж хайрлана
Захиас , сургамжаа шилбэндээ шингээсэн мэт ухааруулж эрхлүүлнэ
Зөөлөн төрхөө өнгөндөө уусгаж урьдаас минь дотночилон тэвэрнэ
Үнсэлт өхөөрдөл нь эмжээртэй ханисаад сэтгэлийг сэмхэн хөдөлгөнө
Үргэлж хажууд байгаа юм шиг үнэр нь үнэртэж итгэл дахиад л төрнө
Ундарсан сэтгэлдээ би ээжтэйгээ уулзсан мэт бодол жаргааж инээнэ
Ухаарлыг бэлэглэх гэсэн шиг ээжийн дээл намайг аргадаж тайтгаруулна
Эгшиг хайрын орчлонд дуу ахиад эгшиглэх шиг
Ээжийн дээлэнд бүүвэй шингээд уянгатай сонсогдох юм
Эрхэмсэг бүсгүйн цээжинд итгэл дахиад л дэлбээлэх шиг
Ээжийн дээлэнд инээд шингээд өнгөлөг харагдах юм
Бямбасүрэнгийн Бүжинлхам 2013-09-05 .Дархан-Уул