Ангилал: Шүлэг
Би буруугүйНүдэнд чинь дурласанд буруугүй шүү би
Нүгэлгүй орчлонг харах гэж заяасан билээ чамд
Нөмгөн бодолдоо гуниг ээдүүлээгүй болохоор чинь
Нулимсанд нь эргэлдэх сүүдрийг чинь түлхэж
Нүдэнд чинь дурлачихаад гэгэлзэж сууна даа
Биеийг чинь тэвэрсэнд буруугүй шүү би
Богинохон мөчид эрхлэх гэж хүссэн ч билээ чамд
Бүтэн сэтгэлдээ харамсал агуулаагүй болохоор чинь
Бүлээн инээдэнд чинь хоргодох атаархлыг нь түлхэж
Биеийг чинь тэвэрчихээд догдолж дурсана даа
Сэтгэлийг чинь харамласанд буруугүй шүү би
Сарны орчлонд жаргах гэж дурласан билээ чамд
Санаандгүй учралын мананд бүдрээгүй болохоор чинь
Сэмэрсэн хайрын дурсамжийг зүрхнээс нь түлхэж
Сэтгэлийг чинь харамлачихаад хүлээж зогсоно доо
Жаргалыг чинь хайрласанд буруугүй шүү би
Жаахан бүсгүйн аалинд согтож алдарсан билээ чамд
Заяа төөрөгтөө эрдэж аархал амтлаагүй болохоор чинь
Залуу насны хяслыг чинь замаас нь түлхэж
Жаргалыг чинь амсчихаад санаж сууна даа
Бямбасүрэнгийн Бүжинлхам ."Би буруугүй" .2013-08-25. Дархан -Уул