Ангилал: Шүлэг
МинийхЗүрхэнд чинь жаргал минь байгаа болохоор хань минь чи минийх
Зүүдэнд чинь бүүвэй минь шингэсэн болохоор үр минь чи минийх
Амьдралд минь дурсамж сүлэлдсэн болохоор заяа та минийх
Аз жаргалаа харамгүй өгсөн болохоор тавилан та минийх
Аргадан ухааруулж өсгөсөн болохоор аав минь та минийх
Ачилж энэрч бүүвэйлсэн болохоор ээж минь та минийх
Шүүдрээ ч харамлалгүй дэвссэн болохоор нутаг минь та минийх
Шүтээн залбирлалыг минь сонссон болохоор бурхад минь та минийх
Эгшиглэнт яруу, аялгуу сайхан эх хэл минь та минийх
Эрхэмлэн хүндэлж биширмээр гэгээнтэн мэргэд та минийх
Сүүгээрээ мялааж сэтгэлээ дээдэлдэг заншил минь та минийх
Сүсэглэн мөргөсөн гэгээн ирээдүй шавь минь та минийх
Судсанд минь агуу дээдэс, лугшдаг болохоор өнө мөнхөд түүх минийх
Судранд нь баатарлаг гавьяаг мөнхөлсөн болохоор ширхэг чулуу ч минийх
Нэрэнд минь арга билгийг билэгдсэн болохоор тэнгэрлэг ухаан та минийх
Насанд минь заяа буяныг ерөөсөн болохоор ашдын учрал ерөөл та минийх
Б.Бүжинлхам " Минийх шүлэг"2013 он