Ангилал: Шүлэг
Би:Жаргалдаа ташуурч зовлонгоо мартахгүй л юмсан
Зовлондоо живж жаргалаа үргээхгүй л юмсан
Инээдэндээ цадаж нулимсаа басахгүй л юмсан
Итгэлдээ бардаж сэтгэлээ зовоохгүй л юмсан
Би өөрөө:
Хайрандаа бялуурч хагацлыг мартчих вий
Хатуудаа зэмлүүлж зөөлнийг умартчих вий
Мөрөөдөлдөө хөтлөгдөж хясланг дуудчих вий
Мөнгөнд тэмүүлж олсноо өгөөд алдчих вий
Хэрвээ намайг :
Санахаа мартсан бол ээжийгээ гомдоосонд тооц
Сэрэхээ мартсан бол амьдралаа уруудуулсанд тооц
Сэтгэхээ мартсан бол бүтээсэн бүхнээ нураасанд тооц
Сэтгэлээ мартсан бол амраг чамайгаа хуурсанд тооц
Сэтгэлдээ би өөрөө:
Асуулт хариултанд ээрэгдэлгүй алтан хараацай шиг дүүлэхсэн
Амьдрал аархалд алгадуулалгүй аялгуу хуур шиг эгшиглэхсэн
Хүслэн атаархалд боогдолгүй хүлэг морь шиг хурдлахсан
Хүнлэг сэтгэлээ гээлгүй хүүхэд шиг цайлган амьдрахсан
2013 оны 7 дугаар сар 29
Бямбасүрэнгийн Бүжинлхам Дархан-Уул