Монгол хэлний нууцад нэвтрэх
2013-09-26
Бид юутай ирсэн бол

Ангилал: өгүүллэг


Халиунаа тоглож өссөн унаган нутагтаа ирчихсэн байх юм. Зүүдэндээ олон ч удаа айлчилдаг танил дотно нутгаа хараад сэтгэл нь баясаад ханашгүй мэт, салхинаас нь агь гангын үнэр, аргалын утаатай холилдон үнэртэх шиг, тэртээ цаахна тоглож өссөн хашаа хороо, гэрийнх нь үүд онгорхой үзэгдэнэ.
Хөөр баяраар жигүүрлэн нисэж яваа шувуу мэт хурдлан гүйсээр гэртээ ортол ээж ирчихсэн нь тогоон дээрх сүүгээ самарсаар угтахыг үзээд сэтгэлийн баяр баясгалан нь багтаж ядан хөөрчих шахан дэрвэлзсэнээ зүүд биш байгаа даа гэж бодон өөрийгөө хэд чимхэхэд, эрхбиш өвдөхийг мэдэрснээ юу ч дуугаралгүй ухасхийн ээжийгээ тэврээд цурхиртал уйлчихлаа.
Тогоотой сүүн дээр тооноор тусах нарны гэрэл ойж гэр доторх бүхий л зүйлс гэгээ татан солонгорон харагдана. Ээждээ үнсүүлээд ширээний ард суухад нар гэрэлтсэн сүү аягалж өгч байгааг хараад –Ээж ээ, өнөөдөр ямар сайхан өдөр вэ? Таны царай самарч, байгаа тогоотой сүү чинь гэрэлтээд ,гэр минь ч сайхан харагдаад гэж хэлж дуусаагүй байтал багын найз Хулангийн ээж гэрт нь ороод ирлээ гэж зүүдлээд сэрчихлээ.
Халиунаа сайхан зүүд зүүдэлсэн болохоор сэтгэлд нь гэгээ татаад өөрийн эрхгүй инээмсэглэнгээ –Өнөөдөр, ээж минь ямар сайхан харагдав аа, бурхан тандаа баярлалаа. Ээжийгээ зүүдлэлгүй мөн ч олон жил өнгөрчээ. Гуйгаад байхад ирж уулздаггүй, уйлаад байхад зүүдлэгддэгүй болохоор намайг мартчихлаа гэж үү ? гэж хувь заяандаа л гоморхож ,хатуурхаж нулимсаа унагадаг байж дээ. Ээжийгээ зүүдлэхээр ажил үйлс минь амжилттай азтай ,одтой байдаг юм гэж бодонгоо -Яагаад? Хулангийн ээжийг зүүдлэв ? гэж өөрөөсөө асуусан байдалтай хэсэг зуур сэрвэлзсэнээ буцаад унтчихлаа.
Хулангийн ээж нь гоёлдоо байнга өмсдөг өнөөх бор торгон дээлээ өмсчихсөн ээжтэй нь ярьж хөөрөөд байгаа бололтой, энэ тэрийг ярьж суух атал,яг юу яриад байгаа нь Халиунаад ойлгогдохгүй, бүдэг бадаг сонсогдоно. Хулангийн ээж инээд алдсан тарган бор авгай, тэр л хэвээрээ арай ч залуу болсон аятай царай зүс нь сайхан харагдана.
Ээж нь Халиунааг дуудаж хажуудаа суулгатал Хулангийн ээж өврөө уудлан нэг юм гаргаж ирээд түүнд өгөөд задалж болохгүй гэж хэлчихээд гараад явлаа. Би түүний өгсөн юмыг Хуланд хүргэж өгье гээд гэрээс гарах гэтэл ээж намайг дуудан –Хурдан ирээрэй . гэж духан дээр минь үнссэнээ - Ирэхдээ дэлгүүрээс будаа , элсэн чихэр аваад ирээрэй . Ээж нь та нарын дуртай хайлмагийг хийгээд өгьё гэж хэлээд үдлээ.
Ямар сонин юм бэ? Өнөөдөр энэ хоёртоо маанийн ерөөл авъя даа . Яагаад Хулангийн ээжийг дахин дахин зүүдлээд байгаа юм бол доо . Хулангийд очоод ирье байз. Ойрд очоогүй юмсан . Яасан юм бол доо ? гэж бодон эртлэн босч ажлаа амжуулахаар шийдлээ. Амралтын өдөр байсан болохоор нөгөө хэддээ банштай , будаатай цай чаначихлаа . Гэрээ цэвэрлэж хувцсаа угаачихаад нөхөртөө-Би ээжид ном уншуулчихаад Хулантай уулзаад ирье. Намайг оройтвол хоолоо хийгээд идчихнэ биз дээ гэж хэлэхэд –Тэгээ тэг гэж бөхийн барилдаан үзэж суусан нөхөр нь хэлэв. –Миний хүү дүүгээ харж байгаарай . Одоо ингээд унтуулаарай гэж Халиуныг хэлэхэд – Би мэдэж байна аа. Та зүгээр л яв гэж хүү нь хоол идэнгээ хэлэв. Явна гэсэн сургаар жаахан охин нь ирчихсэн –Та намайг аваад явчихаач дээ . Би явъя гэж хошуу цорвойлгон эрхлэхэд - Ээж нь ирэхдээ гоё чихэр авчирч өгнө гэж хэлчихээд гартал – Ээж, аав бид хоёрт ч авчирна шүү. Шагналтай биз дээ гэх хүүгийнх нь дуу дуулдав.
Маанийн ерөөл уншуулчихаад жаахан юм аваад сонин хачин зүүдээ өвөртлөн Хулангийнд очлоо. Хөгжилтэй сэргэлэн зантай Хулан -Найз нь гурван хүүхдээ хөдөө хадмынх руугаа явуулчихсан.Тулгаа ажлынхантайгаа салхилахаар явсан .Оройхон ирэх байх. Би ганцаараа уйдаад чам руу ярьдаг юм уу? гээд сууж байлаа. Харин чи, сайн хүн санаагаараа гэгчээр хүрээд ирлээ гэж хэлсээр угтлаа. –Өнөөдөр амралтын өдөр болохоор чамтай уулзаад жаал ярьдаг юм уу? гэж бодон ирлээ гэж Халиуныг хэлэхэд -За, найз нь хурдхан хоол хийе. Тэгээд ярья даа гэсээр галын өрөөндөө дагуулан орлоо.
Хулан өөх мах нь алагласан бууз хийх зуураа өргөст хэмх, луувангийн салат хийж яах ийхийн зуургүй ширээнд өрж тавихад- Май, жаахан юм авчирсан юм гээд чихрийн цуглуулга, жимсний дарсаа Хуланд өгөхөд –Баярлалаа, ямар гоё юм бэ? Ойрд миний баруун чих хангинаад гарын алга загатнаад, сайн юм сонсож гоё юм идэх гээд гэж Тулгаа бид хоёр ярьж байлаа гэж инээсээр дарсны хундага гарган сурмаг гэгч онгойлгон хундагалаад – За хоёр найзын ажил , гэр бүл , худалдаа наймаа , юу санасан хүсэл биелж бүтэх болтугай гэж ерөөгөөд ууцгаалаа.
-Найз нь жирэмсэн болчихсон байна аа. Тулгаа болохоор гаргаач гэх юм. Даан ч хордлого ихтэй . Яадаг ч юм билээ . Авахуулдаг юм уу гээд л байна.гэж Хуланг хэлэхэд – Хүүе ээ, Би танай ээжийг зүүдлээд болдоггүй . нэг юм чамд өгөөч гэж гуйгаад байгаа юм шиг.. Найз нь өнөөдөр танай ,манай хоёр ээждээ маанийн ерөөл авлаа. Чамайг жирэмсэн болчихоод авахуулах гээд байна гэж хэлсэн байна шүү дээ. Магадгүй ээж чинь ирэх гээд л байгаа юм биш үү ? Хүүхдүүд чинь бүгд том болчихсон одоо нэг хүүхэд гаргачихвал та хоёрт дэм тустай байх даа гэж Халиунааг хэлтэл –Нээрэн , яг тийм байх Нас барсан хүнээс юм авч байна гэж зүүдэлвэл сайн гэж хэлдэг шүү дээ Ээж минь өнгөрөөд хоёр жил болчихлоо .Эргэж бидэндээ ирж байгаа байх гээд чимээгүйхэн уйлчихлаа.
Хоёр бүсгүйн сэтгэлийн гунигийг цаг хугацаа хөндсөн бололтой , хэсэг чимээгүй уйлснаа дотор нь уужирч онгойсон аятай –Одоо уйлаад яахав дээ . Сайхан мэдээ дуулгаж сэтгэлээр дэмжсэн чамдаа баярлалаа. Хоёулаа хоолоо идье. Жаахан ч гэсэн хөгжилтэй юм ярья л даа гэж Хуланг хэлэхэд Халиунаа угтан авч-Тэгье л дээ. Манай охин намайг дагаад цуг явна гэнэ ээ. Жаахан хүүхдүүд адтай , хөөрхөн байх юм, Танайх жаахан хүүхэдтэй болохоор хүн болгон өхөөрдөөд энхрийлээд, эгдүүтэй хөөрхөн амьтан гэж хэлэхэд –Бага хүү маань одоо тав дугаар анги , одоо нэг хүүхэд гаргахаар охин гарах болов уу? Дахиад эрэгтэй гарчихвал яана аа гээд Хуланг хөхөртөл –Яадаг юм бэ? Охин гарвал азны юм, хүү гарвал чи минь дахиад дархан бэр болно шүү дээ гэж Халиунаа найзынхаа сэтгэлийг дэмжиж хэлээд инээлдлээ.
Инээд хөөр бялхсан энэ айлын өнгө төрх дулаан тэгээд бас дотно санагдана.Нэг нутагт төрж өссөн , нэг ангид ижилдэн дассан үе тэнгийн хоёр бүсгүйн сэтгэлд амьдралын өнгө даваа нугачаатайгаа, амьдралын түүх эхлэл төгсгөлтэйгээ цуг үргэлжлэх бөгөөд ярьж хэлэх олон зүйл тэдний сэтгэлд шүхэрлэж хөнгөн инээд , хөнгөн гунигтай сүлэлдэж ухаарал , утга уянгын нэхээсийг сэм шаглаж суух авай .
Гэнэт тэдний яриаг таслан хаалганы хонх дуугарлаа. –Хэн байдаг билээ? Гэсээр Хуланг хаалгаа нээтэл Тулгаа ороод ирлээ.-Хүүе чи яагаад ийм эрт ирэв? Зугаалганд яваагүй юм уу? Гэж асуунгаа хувцсыг нь өлгөх зуураа гэнэт дүрсхийж нөхрөө хариу хэлж амжаагүй байхад –Чи хаана ингээд уучихав аа. Согтчихсон юм уу гээд ууртайхан асууж шалгаахад- Яг явах гээд очтол манай ангийн Дэндэв, чи мэднэ шүү дээ тааралдаад –Авгай эмнэлэгт хэвтсэн , өөрөө ажилгүй хэдэн хүүхдээ хараад гэртээ байгаа гэхээр нь би зугаалганд явах гэсэн бүх мөнгөө түүнд өгчихөөд сэтгэлийг нь засах гэж нэг нэг шар айраг уугаад , хүрээд ирлээ гэж учирлаж тайлбарлаад өрөөнд орж ирлээ.
-Сайн уу Тулга аа, ажил сайн уу? гэж Халиунааг мэндэлэхэд –Сайн, сайн танайхан сайн уу ? гээд гар барин мэндэлснээ өнөөдөр манай эхнэр ууртай байна гэж эхнэр лүүгээ сэм нүд ирмэчихээд суух гэтэл Хулан -Чи яахаараа ингэж уудаг юм бэ? Согтчихсон байна шүү дээ,тааруулж уухад яадаг юм бэ? гэсэн хэрүүл өдсөн үгээр хатгатал-Чи яасан хүний үгэнд итгэдэггүй хүн вэ? Гэж Хуланг аргадахад хэний ч үгийг авдаггүй , зөвхөн өөрийнхөөрөө зүтгэдэг төрөлх зөрүүд “Илжиг шиг” зангаа гаргаж эхэллээ.
-Чи мөнгөө өгчихөөд хүрээд ирэхгүй яасан юм бэ? Заавал ууж согтох хэрэг байгаа юм уу? чамд гэж хэлэхэд – Юу яриад байгаа юм бэ? Хэн согтсон юм бэ? Би зүгээр байна. Юундаа уурлаад байгаа юм. Чи мөнгө өгчихсөн болохоор уурлаж багтарч үхэх гээд байгаа юм байна. Би олоод өгчихнө гэж Тулгааг уурлан хэлэхэд Хулан энэ мөчийг хүлээж байсан бололтой улам ч уурлан – Хаана байгаа юм бэ? Чиний тэр их мөнгө чинь? гэхэд арга нь барагдсан Тулгаа тэссэнгүй – Яасан?, авч ханадаггүй бэрд шиг муухай амьтан вэ? Өөрийнхөө хэмжээнд өгөөд л байгаа биз дээ .Өөр чамд юу хэрэгтэй юм бэ? Гэж уурсан хэлтэл Хулан нөхрөө давах гэсэн аазгай нь хорыг нь улам малтан маажлан –Чи юутайдаа ингэж томроод, орилоод байгаа юм бэ? Юутай байсан юм бэ? Юу ч үгүй ирчихээд ?, Юу ч үгүй байж ?гэж гашуун үгээр сэтгэлийг нь улам хорсгов.
Энэ хорон үг тэнд байсан Тулгаа төдийгүй яах ч учраа ололгүй дэмий л сандарч суугаа Халиунаагийн зүрхэнд хүнд цохилт болон очлоо. Тулгаа ухасхийн босоод –Би яваад өгье. Би чамайг бодож ирсэн юм . Надад хүнд өгөх юм юу ч байгаагүй , одоо ч бариад гарах юм юу ч байхгүй гэж хэлээд хариу ч хүлээлгүй гараад явчихлаа.
Хулангийн овойж сагсайж байсан уур хилэн ор мөргүй хийсэн арилж дэмий л найзаасаа ичж зовсон байдал гарган хэлэх үгээ олж ядан, хэсэг зуур балмагдсанаа -Найз нь Тулгааг юм уугаад л ирэхээр өөрийн эрхгүй уурлаад загнаад ,янз бүрийн муухай үгээр дайраад гомдоочих юм аа гээд дуугүй болоход –Бушуу хойноос нь хурдан гар. Нөхөртөө ямар хамаагүй үг хэлдэг юм бэ? Би ч энэ үгнээс чинь айчихлаа . Гомдоод гараад явах нь түүний зөв . Хурдан очиж аргадаж оруулж ир гэж Халиунааг хэлтэл-Манай Тулгаа гайгүй ээ, жаахан тайвширч байгаад буцаад ороод ирнэ гээд гарах янзгүй байхаар нь – Үгүй ээ найз минь , Эр хүн гэдэг чинь биднээс өөр бодол ертөнцтэй хүмүүс байдаг юм. Ийм үг сонссон хүний сэтгэл ямар байгааг чи мэдрэхгүй байгаа болохоор л ингэж сууж байгаа юм гэж хэлэнгүүт –Нээрэн, би буруу үг хэлчихсэн шүү дээ .Тулгааг авчиръя гээд хойноос нь гарлаа.
Саяхан инээд хөөр бялхаж байсан цаг хугацаа хөндий хүйтэн болж “Яах бол? “гэсэн горьдлого төрүүлээд өнгөрлөө. Халиунаагийн бодолд нуугдаж байсан, мартагдах шахсан гунигтай сүүдэртэй хуудсууд дахиад л сөхөгдөх шиг боллоо. Хулангийн аав нь сархад чамгүй хүртчихдэг, ямаан зантай шар өвгөн байсан нь санагдлаа. Архи уухаараа хавийн амьтныг айлгаж ичээж түйвээдэг, уйлаан майлаан дунд тэдний бага нас өнгөрснийг дурсахад нулимс нь дахиад дуслах шиг . Өөрөө хүнд хэцүү амьдралд өсчихөөд үр хүүхдээ тийм зовлон амсуулчих вий гэж эмээсэн Хулангийн сэтгэлийг зөвтгөхөд хэцүү ч юм шиг .Тулгаа бол түүний эцэг биш гэдгийг мэддэг ч гэсэн түүнд итгэдэггүй , итгэхээс айдаг, айдас нь Хуланг эвдэж байгааг , бусдаас түлхэж байгааг ухаарч өрөвдлөө.
Бас гашуудалтай , гомдолтой , бараан дурсамж дагуулсан нэгэн түүх дахиад л бодогдлоо.Юутай ирсэн бол ? гэсэн энэ үг ямар зэвүүн , муухай бассан мэт сонсогдоно вэ?
Манай гэрийн өмнөх гудамжинд нэгэн залуухан гэр бүл байсныг тод санана. Нөхөр нь тракторын жолооч, эхнэр нь тогооч , гурван хүүхэдтэй , ердийн нэг, жирийн айл. Нөхөр нь ээжтэйгээ өссөн эцэггүй бутач хүүхэд байсан гэсэн. Хүүхний эцэг эх нь анхнаасаа хүргэндээ муухайгаар хандаж гомдоож явуулсан гэдэг. Байнга загнаж дээрэлхдэг төдийгүй нэг удаа архи уугаад халамцуу гэртээ ирэхэд нь хадам ээж нь –Чи юу ч үгүй гуйлгачин байж яах гэж архи уудаг юм бэ? Чи юутай ирсэн юм бэ? Гэж муу муухай үгээр хөөж туусанд өнөөх залуу гомдсон хэдий ч юу ч дуугаралгүй , гурван хүүхдээ нэг нэг үнсчихээд гэрээсээ гараад үүрд эргэж ирээгүй гэдэг ээ. Хожим сонсоход үхчихсэн байсныг дуулаад хадам ээж нь цус харвачихсан гэдэг . Өнөөх эхнэр нь удалгүй гурван хүүхдээ аваад эцэг эхээсээ салаад хол нүүсэн гэдэг ээ.
Яасан бол ? Одоо тэр хоёр эвлэрсэн болов уу ? гэсэн горьдлого битүүхэн тээн чимээ чагнан хэсэг хүлээлээ. Зүрх минь цээжээ түлхэн хүчтэй цохилно. Өөрөө тэр үгийг хүнд хэлчихсэн юм шиг айж бэмбэгнэнэ. Ямар нэгэн араатнаас зугтаж бутанд хярсан туулай мэт чичрэн сууна . Хулангийн оронд өөрийгөө, Тулгаагийн оронд нөхрөө тавьж бодоод үзэхийг оролдлоо. Нөхөр минь хэзээ ч Тулгаа шиг байхгүйг л мэдэж байв. Ширээн дээр байсан идээ будаа, хоол унд эздээ хүлээсэн аятай , инээд хөөр, баяр баясгаланг хүссэн мэт өөртэй нь адилхан уйтгарлан чимээгүй .
Ашгүй хөлийн чимээ сонсогдож хаалганы хонх дуугарлаа. Айж эмээсэн , гомдож тунирхсан харууслын харц тэдний нүдэнд байсангүй , бие биенээ уучилсан ,хайрласан, хайрын гэгээ, нүдэнд нь царайнд нь гэрэлтэж гэгээрч байгааг , инээмсэглэл тодорч байгааг хараад түрүүнээс хойш сэтгэлийн тэнгэрт хурж харанхуйлж байсан хар үүл салхинд хөөгдөн замхарсан уу? Гэлтэй хийсэн одож Халиунаагийн дотор цэлмэлээ.
Юутай ирсэн юм бэ? Гэсэн асуултынхаа хариултыг Хулан биеэрээ мэдрэх шиг боллоо. Өдрөөс өдөрт хэвлийд нь өсч торниж буй бяцхан үр нь ухаанд нь ухаан нэмж, хүсэл мөрөөдөлд нь хүч нэмэх шиг санагдана. Хорвоод мэндлэх гэж байгаа бяцхан хүүхдээсээ өнөөх зэвүүн муухай үгээ асуусан юм шиг сэтгэл эмзэглэж ичнэ . Тулгаа тулдаа л миний үгийг уучилж өнгөрөөсөн байх .гэж бодохоос нөхрөө улам ч хайрлан хүндэлмээр санагдана. Анх удаа нөхрөө аргадаж тайтгаруулсан өөрийнхөө бурууг ойлгосон мөч нь түүний хувьд хамгийн үнэ цэнэтэй мэт.
Шинэ амьдралд өнгө үзэсгэлэн, инээд хөөр бэлэглэж бяцхан охин төрлөө. Тэр өхөөрдөм хөөрхөн ,гэнэн булбарай ,энхрийхэн охин чи энэ орчлонд ирэхдээ юутай ирсэн бол? гэж та лав асуух байсан биз дээ. ..
Амьдрал өөр өөрийн инээдтэй, өөр өөрийн дуутай.,өөр өөрийн өнгөтэй үргэлжлэнэ. Ирж буцах хорвоод итгэл,баяр баясгалан , өвөртлөн хүн ирж төрнө. Хайр, дурсамж халуун дулаан сэтгэлээ тээн хүн буцаж явна.

Бямбасүрэнгийн Бүжинлхам .2013он 09-15 .Дархан-Уул.


Comments


Бичлэг: 57 » Нийт: 97
Өмнөх | Дараагийн


Монгол хэл, Уран зохиол, Сурган хүмүүжүүлэх

Сүүлийн бичлэгүүд

. Яг л тэнэг хүн шиг...
. чи бидэн хоёр
. Хагарсан хайр
. Муухай үнэр
. Гайхамшигт аялал
. Цагийг удирдах нь
. Гэрэл дутсан бодол
. Мөн чанар
. Бид
. Хүүхэд нас
. Урсах мөрөн булгаас эхтэй
. Хожимдсон гэмшил
. Зул
. Саран авхай
. Цас

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. __tungalag
. Bat-Erdene
. Dreaming_LoVe
. TAGZ---.ANAR
. purveelike
. ELiTe.CreW.BoNe
. A.Buyka
. Mrjargalsaihan
. husliintsag
. ariunsaihan
. HiChEeL
. Ulamaa
. mb_moogii-blog
. Тэмүүлэн
. munguu
. enhee lakers
. Болормаа

Зохиогчийн эрх

© Монгол хэлний нууцад нэвтрэх




:-)
 
xaax