Ангилал: Шүлэг
Ухаалаг сайхан үгтэй, уярмаар дөлгөөн харцтай
Уул шиг ханхар залууд хайраа би бэлэглэлээ
Тэвэрч эрхүүлж алган дээрээ бөмбөрүүллээ
Тэр миний бурхан, тэгээд хань гэж дээдэллээ
Ухаалаг сайхан үг нь ус шиг урсаад явчихлаа
Уярмаар дөлгөөн харц нь учрал дагаад хийслээ
Тэврэх биш түлхээд тэртээ хол өшиглөчихлөө
Тэр миний бурхан биш тэгээд чөтгөр гэж үү
Нулимс минь урссаар арчаагүй дорой боллоо
Нууцхан хайраа нуугаад бөгтийж алхлаа
Итгэл минь цэцэг шиг хатаад хагдарчихлаа
Сэтгэл минь бүрхэг тэнгэр шиг бороошчихлоо
Нүдэнд ч үрчлээ үүсч сэтгэл минь гундлаа
Үсэнд сор нэмэгдэж нас минь дарагдлаа.
Би өөрөө өөрийгөө танихаа болчихлоо
Битүүхэн дотогшоо уйлж бөхийчихлөө
Хээгүй хамаагүй үгтэй, хашир ширүүн харцтай
Хад шиг хатуу залуугаас хайраа би харамлалаа
Зүрхэндээ нууж алгандаа атгаж зугтлаа
Зүтгэж зулгаасаар энгэртээ аваад өвөртчихлөө
Тэр миний айдас тэгээд бас дурсамж гэж үү
Нулимсыг минь гараараа биш зүрхээрээ арчлаа
Итгэлийг минь үгээрээ биш хайраараа усаллаа
Дундуурхан сэтгэлийн тэнгэрт саран инээлээ
Дутуу хүслийн энгэрт цэцэг ахиад соёоллоо
Сэтгэлд хайр ивэлж нуруу минь тэгширлээ
Санаанд итгэл гийж царай минь гэрэлтлээ
Зүрхэнд баясал нялхарч инээдэндээ бялуурлаа
Зүүдэнд бүүвэй үнэгчилж гэрийн бурхан өндөлзлөө
Би өөрөө өөрийгөө таниад уйлчихлаа
Битүүхэндээ баярлаад нар шиг гийлээ
2012он Б.Бүжинлхам