Ангилал: Шүлэг
Үг нь ухааруулж ая нь аргаддаг ардын дуу
Үүлгүй тэнгэрийн нар шиг сэтгэлд тунгалаг
Үзэмж төгөлдөр гоо бүсгүй Жоожуугийн
Үнэнч сэтгэлийн дуулал болж зүрхэнд уянгална
Аниргүй тэнгэрийн үүлсийг эвшээлгэж
Асгарсан хайрын түүхийг өгүүлнэ
Амар амгалан сарыг аялгуу эзэмдэж
Аргагүй амрагийн дууг сэтгэлд шивнэнэ
Ардын дууны эр хонгор аялгуу эгшиг
Аргамжаатай морь шиг сэтгэл дотор үүрсэнэ
Айлын жаахан бүсгүй Жоожуугийн зүрхэнд
Амраг хайрын болзоо эмнэг шиг булгиж хононо
Бодлын уяатай хайрын орчлонд
Болор мөнгөн шөнө ботгон нулимстай инээнэ
Бүсгүйн хайр сарны цээжинд заларахад
Бүүвэйн дуутай дэлхий хайрын дуунд нялхарна
Инээд гижигдсэн бүсгүйн аалинд
Ижилгүй ертөнц цэцгээр бялуурч хононо
Шанз ятгын аялгуунд сүмбэн хуруу бүжиглэж
Шавилхан жаахан бие минь ус гол шиг найгана
Амраг хайрын тэнгэрийг зөөлхөн уярааж
Ардын дууны шуранхай алс холоос морилно
Айлын жаахан бүсгүй Жоожуугийн дуу
Алдхан биенд минь эрхлэн эрхлэн хоргодоно
Зүйрмэглэх тэнгэрийн сарыг зөөлхөн тайтгаруулж
Зүүдний уяхан эгшиг зүрхэн дундуур үерлэнэ
Зуун зууныг дамжсан дуу дууны түрлэгүүд
Зүйдэлгүй тэнгэрийн сартай мөнхрөх гэж үлдэнэ
Дуутай хууртай амрагийн минь тэнгэрт
Дугираг бүтэн арван тавны сар мандана
Дусал дусал нулимсыг минь аргадаж
Дуу дууны хорин тавны сар мандана.
2008-11-30 Б.Бүжинлхам