Ангилал: өгүүллэг
Урьхан цэнхэр хавар цаг хугацаатай уралдан айлчлан ирлээ. Ирэх ирэхдээ инээд хөөр ,хүсэл мөрөөдөлд автсан нэгэн онцгой цэцэгсийн үрийг салхиар туулган , үржил шимтэй тэр нэгэн хөндийд авчирчээ.
. Анхны борооны ачаар зарим нэг, сэргэлэн цэцэгсийн үр цаг хугацаанаас өрсөн , бусдаа хүлээлгүй нууцаар соёолж эхэллээ. Урьд өмнө үзэж хараагүй , бяцхан навч нахиаг нэгэн хичээнгүй охин ажиглаж хараад , тэр хэсэгхэн газрыг өглөө болгон ирж усалдаг боллоо.
Удалгүй нар наашлан орчлон дэлхий ногоон торгон дээлээ өмсөхөд бусад цэцэгсийн үр сая л нахиалж , эртэч цэцгийн аль хэдийн ургачихсан байсныг хараад, түүний авхаалж самбаатайг шагшин магтацгаав.
Тэр зун бороо бараг орсонгүй , өдөр болгон халуун нар өршөөлгүй шарах нь дөнгөж ургаж байгаа нялх цэцэгсийн гэр бүлд хүнд хэцүү сорилт болж байлаа.
Ус чийг дутагдсан хөөрхий цэцгүүд үдэш орой болохоор өнөөх цэцгэнд хандан –Энхрийхэн гоо үзэсгэлэн минь, тэр ажилсаг,жаахан охинд хэлж өгөөч. Энэ хөндийд ирж суурьшсан бидэнд , соёолж нахиалах энэ мөчид, ус чийг хангалттай хэрэгтэйг хэлж ойлгуулаад өгөөч. Үндэс минь хатаж, өөдөсхөн жаахан навч нахиа минь өлсөж цангаж байна . Игэж удаан байвал бид үр тоосоо хүртээж чадахгүй, мөхөж сөнөх аюулд ч өртөж магадгүй. Бидэнд ургаж цэцэглэх боломж олгооч . Над шиг ийм ,олон сайхан цэцэг энэ хөндийд ургаж байна гэж хэлээд , зааж өгөөч . Биднийг өрөвдөөч гэж гэж гуйдаг болжээ.
Өнөөх цэцэг гэр бүлийнхээ гуйлтыг хичээнгүйлэн сонсоод зөвшөөрөх боловч өглөө болгон жаахан устай ирдэг бяцхан эзнийхээ инээмсэглэлийг хараад таг мартчихдаг байв.
Аагим халуун нарнаас ч ажрахгүй тэрээр цэцэглэж эхэллээ . Ертөнцөд байхгүй жаргалдаа сагсуурч , догдолсондоо бусад цэцэгсийнхээ амар мэндийг ч асуулгүй хэд хоносноо мэдлээ.
Гэнэт сэхээ аван ах дүүгээ сураглатал , аль хэдийн наранд хатаж хорчийгоод , нэгэнт үхэж үрэгджээ. Хэнд ч хэрэггүй, хувиа хичээсэн зангийнхаа ашиг шимийг голдоо ортол мэдэрсэн тэр ганцаардалд алгадуулан уйлж өнжих нь олонтоо.
Уйтгар гуниг хосолсон, хагдарч хатсан хөндийд дэлбээлж цэцэглэсэн ганцхан цэцгийн цомирлогон дээр хэдэн эрвээхий, зөгий эргэлдэнэ.
Бямбасүрэнгийн Бүжинлхам 2013 он